Tuesday, June 17, 2008

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДТАЙ


JCI Монголын 2007 оны Үндэсний Ерөнхийлөгч, 2008 оны Удирдах зөвлөлийн дарга, JCI-ийн 2007 оны шилдэг Үндэсний Ерөнхийлөгч П.Батсайханы санаачилагаар энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын залуучууд оролцсон "Манайлал"-ын Академид сургагч багшаар ажиллаад ирлээ. JCI Монголын түүхэнд явуулж байсан сургалтуудаас хамгийн том хэмжээний сургалт боллоо гэж сургагч багшийн хувьд үзэж болохоор байлаа. Учир нь энэ Академид бизнес эрхлэгч 72, төрийн албан хаагч 48, нийт 120 залуу оролцлоо. Сургалтын бүртгэл хийхэд 300 гаруй залуу бүртгүүлсэн бөгөөд биднийг дахин ийм сургалт зохион байгуулахыг хүсэцгээж байлаа.

Бидний хувьд орон нутаг дахь үе тэнгийн залуучуудтайгаа чөлөөтэй ярилцах өргөн боломж олдсонд баяртай байна. Сургалтын явцад орон нутгийн залуучууд ямар идэвхитэй, үнэхээр ихийг санаж хүсч, тэмүүлж явдаг нь харагдаж байлаа. Академийн төгсгөлийн багийн ажил дээр залуучуудын гаргаж байгаа санаа, төсөв хөрөнгө их шаардахгүй хэрнээ орон нутаг, залуучууд, иргэдийг хөгжүүлэх, идэвхижүүлэхэд үнэхээр нөлөөлөхүйц сайхан саналууд гарч ирж байсныг зохион байгуулах багийнхан бид гайхан ярилцаж байлаа.











Friday, April 25, 2008

ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОХУЙ

GLOBAL CEO” телевизийн уралдаант нэвтрүүлгийг хийх гэж олон ч хүнээс янз янзын л юм сонсож байна даа. Сонгуульд нэрээ дэвшүүлэх бэлтгэлээ өвөрмөц аргаар цэвэрхэн хийж байна л гэнэ. Найз нарынхаа шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг шийдэж өгч байна л гэнэ. Нэг найздаа сонгуулийнх нь мөнгийг олж өгч байна л гэнэ. Гэхдээ аль нь ч бай бид төлөвлөснөө л хийгээд дуусах гэж байна. Үнэхээр үхрийн сүүлэн дээр хутга гэдэг хугацаа л үлдээд байна.

Гэвч бидэнд саад, бэрхшээл мундахгүй нь ээ. Өчигдөр бид нэвтрүүлгийг хамтран зохион байгуулж байгаа “Чингис хаан” зочид буудлаасаа гар даа бид хугацаанаасаа өмнө гэрээнээсээ гарлаа гэсэн албан бичиг хүлээж авлаа. Үнэхээр гэрээний заалтуудаа зөрчөөд хөөгдөж байгаа бол яах ч аргагүй юм биз. Гэхдээ бодит байдал энэ мөн эсэхийг эргэж харахад сонин...

Найз нараас маань олонхи нь монголчууд үнэндээ хамтарч ажиллаж чаддаггүй гэцгээж байхыг нь олонтаа сонссон ч бид хамтарч чаддаг гэдгийг харуулахыг их л хичээж байдаг юм.

Телевизийн уралдаант нэвтрүүлгийг хийж эхэлснээс хойшхи бүхий л үйлдэл маань бид хамтарч чадаж байгааг харуулж байгаа мэт байсан боловч хамгийн гол чухал түнштэйгээ хэл амаа ололцож чадахгүй хөөгдөхийг бодоход бид хамтарч ажиллаж чадахгүй байгаа бололтой. Бид хэзээ нэг хамтран ажиллаж сурах бол доо???

Wednesday, April 16, 2008

Цэцэрлэгийн эрхлэгч, багш нартай ярилцлаа

Монголын Төмөр замын хүүхдийн байгууллагын захиалгаар төмөр зам дагасан цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнуудтай “Стресгүй амьдарцгаая” сэдвээр ярилцах боломж гарлаа.

Ярилцлагын үеэр бид нар бүгдээрээ үнэхээр их стресстэй байна гэж байсан хүмүүс стрессийн зэрэглэлийг тогтоох тестээр ямар ч стрессгүй амьдарч байгаа нь тогтоогдлоо. Ингээд тэд стресс гэж ойлгоод байсан зүйлээ өөрөөр харахаар боллоо.

Миний хувьд улс орны ирээдүйн эздийн суурь хүмүүжлийг тавьж өгч байгаа сургуулийн өмнөх боловсрол олгодог хүмүүс стрессгүй ажиллах нь юу юунаас чухал гэж бодож явдаг. Хүний хүн болох төлөвшлийн 70 хувь нь 7 хүртлэх насанд тогтдог болохоор бид үүнд их анхаарах ёстой.

Бид ажил хийх чадвартай, мэдлэгтэй хүн, мэргэжилтэн гээд л насанд хүрчихсэн хойно нь хүмүүсийг өөрчлөх сургах, мэргэшүүлэх тухай их ярьдаг. Харин тэр хүний бүх насны амьдралын 70 хувийг шийдддэг сургуулийн өмнөх боловсролын асуудлаар ярьдаг хүн хэд билээ?

Энэ тухай яриад ирэхээр эвэртэй туулай үзсэн мэт болдог мэргэжлийн хүмүүс ч бий. Үгүй дээ л бидэнд өнөөдөр цэцэрлэгт яваа хүүхдээ юун дээр суулгаж ямар орчинд байлгах вэ гэсэн орчны стандарт ч байхгүй шүү дээ. Үүнийг хийх тухай ярихаар мэргэжлийн хяналтын байгууллагын нөхдүүд бид үүнийг чинь хийчихсэн, одоо батлуулах л үлдээд байна гэдэг. Үнэхээр хийсэн зүйлийг нь үзэхээр 20 жилийн өмнөх бичиг баримтуудаас хуулаад тавьсан 22 хуудас материал бий нь үнэн. Даанч түүн дээр батлаад тавьчих, баталсан хойноо мөрдөөд явчихаар зүйл бараг үгүй байсан.

Бид хичнээн тансаг өндөр барилгууд бариад суурь муутай бол улсын комисст өгөхөөс өмнө нураад унадаг туршлагыг нүдээрээ үзсэн хүмүүс. Энэ алдаагаа хүн ардынхаа оюун ухаан дээр үл анзаарагдам байдлаар туршаад байгаа нь уйтай.