Wednesday, April 16, 2008

Улс төрийн сонгуульд . . .

Улс төрийн сонгууль гэдэг үйл явдал дөрвөн жил тутамд бид юуг илүүд үзэж байгаа, өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг харуулах нэгэн шалгуур болоод байна гэж хэлж болно.

Ардчилсан сонгууль болохоос өмнө сонгууль өгөх насанд хүрээд аав ээжтэйгээ юунд санал өгч байгаагаа ч сайн ухааралгүй сонгуульд анх санал өгч байсан үетэй харьцуулахад өнөөдөр бүх зүйл өөр болжээ. Бүр найз нөхөд маань ч сонгогдохоор өрсөлдөж байна.

Бидэнд өөрийгөө чөлөөтэй илэрхийлчихдэг эмэгтэйчүүд хэрэгтэй байна. Манай намаас нэр дэвшээч гэсэн саналыг хэд хэд сонсоод татгалзсан хариу өгч байсан. Глобал СЕО телевизийн уралдаант нэвтрүүлэг хийгээд телевизээр гарч эхлэхэд санал тавьж байсан хүмүүсээс чи сонгуулийнхаа сурталчилгааг их өөр аргаар хийж байх шив гэхийг ч сонсож байсан. Бүр айхдаа миний дүрсийг эфирт битгий их гарга гэж найруулагчаасаа хүртэл гуйгаад авсан шүү. Сонгуульд өрсөлдөх санаагүй байгаа гэхээр үнэмшихгүй ил бус сурталчилгаа хийж байна хэмээн хардаж байсан нь ч бий.

Өчигдөр найз нартайгаа уулзлаа. Гэр бүлээрээ нөхөрлөдөг найз маань сонгуульд дэвшиж байгаа юм. Нөхрийн маань арван жилийн ангийн анд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ангийнхан нь өөр өөрийн чадах чинээгээр туслахаар санал санаачлага гаргаж энийгээ ч ингээд хийчихье, тэрийгээ ч тэгээд хийчихье. Би энийг нь хариуцъя, чи тэрийг нь хариуц гэж байгааг сонсоход үнэхээр бахархмаар.

Нэр дэвшиж байгаа залуугийн ярианаас сонгогчдын боловсролын түвшин хичнээн өндөр болсон тухай сонсож суулаа. Өмнөх сонгуулиудад аар саархан зүйлээр аргалчихаж болдог байсан бол өнөөдөр бид аливааг суурьтай буурьтай хийх хэрэгтэй болсон хэмээн ярьж байлаа. Үнэхээр ийм бодолтой хүмүүс төр барилцдаг бол нөгөө талаасаа өөрийнхөө амьдралыг төвхнүүлчсэн иймэрхүү залуус төр барилцвал юутай сайхан.

Таван мянганы тэртээгээс уламжлан ирсэн:

Биеэ зассан нь гэрээ засдаг

Гэрээ зассан нь төр барилцдаг

Харин төр барихаас өмнө сэтгэлээ ариусга гэсэн алдарт Кон Фу Ци-ийн сургаалийг бид Чингис хааны сургааль хэмээн өөрчилж

Биеэ засаад гэрээ зас

Гэрээ засаад төрөө зас хэмээн бүдүүнээр ойлгодогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ.

Монгол хэлээрээ зөв сайхан ярьж сурах тухай ярилцлагад оролцлоо

Эх сайхан монгол хэлээрээ ойлгогдохоор ярьж, санаагаа солилцох, мэдээлэл түнгээх тал дээр хүн бүр л нэгийг бодож явдаг болсон цаг үетэй давхцан Удирдлагын Академи ирээдүйн докторууддаа монгол хэлээрээ хэрхэн зөв найруулан харилцах тухай монгол хэлний эрдэмтэнтэй ярилцах боломж олголоо.

Ярилцлагын үеэр Буянтогтох доктор “Манайхан иргэний боловсролтой байх ёстой. Манайхан аливааг харж байгаад тэднийд тийм юм байгаа гээд л дуурайгаад аваад байх юм. Дэлхийн хөгжилтэй хөлөө нийтүүлнэ гээд л байх юм. Бид хөгжлийг нь гүйцэхгүй шүү дээ. Харин амдаж л очих хэрэгтэй. Тэгэхээр бид өөрөөр сэтгэх хэрэгтэй. Бид тэдний хийсэн бүхнийг араас нь дагаад бузар булай бүхнийг дагаж хийхийн оронд өөр маягаар өөдөөс нь амдаж гүйцэх л шаардлагатай болж байна” гэж хэлсэн санаа сэтгэлд их л ойр буулаа.

Үнэхээр бид аливааг дагаж дуурайна гэвэл суурин иргэншлийн 200 жилийн түүх, туршлагатай ард түмний хоёр зууны насыг бас наслах хэрэг гарах байх аа. Харин эрдэмтний хэлснээр амдах маягаар, өөрөөр сэтгэх нь чухал байх аа. Тийм чадалтай чадвартай залуус манайханд олон бий, бий болно гэдэгт ч итгэж байна.

Буянтогтох багшийн ярьсан санаануудаас бас нэгэн сонсууштай байсан зүйл нь үндэсний хэлнийхээ хажуугаар гадаад хэлийг чимээгүй л заах ёстой. Уг нь бид үндэснийхээ хэлийг илүү заах ёстой гэсэн санаа байлаа. Үнэхээр гадаад хэл сурах нь чухал гэдэгтэй хүн бүр санал нийлдэг ч “үндэсний хэлээ сайн мэдэх” гэсэн дөрөвхөн үгний цаана эх оронч үзлээс эхлээд монгол хүн бүрийн хүсч мөрөөдөж байдаг сайхан бүхний үр нь оршдогийг бас нэг бодууштай мэт.

Friday, March 28, 2008

Эх хэлээ хамгаалахуй

Global CEO телевизийн уралдаант нэвтрүүлэг хийж байх явцад сонин содон зүйлүүд их л тааралдаж байна. Манай шилдэг, томоохонд тооцогддог сониныхон бидний ажил үүргээ явуулж байгаа "Чингис хаан" зочид буудлын нэрийг "Чингэс хаан" зочид буудал гээд нийтэлсэн байснаас болж нэлээд хөөрхөн юм боллоо.

Гэтэл Монгол улсын Засгийн газраас их хааныхаа нэрийн хоёр дахь үеийг “э” үсгээр бичиж байна гэсэн тогтоол гарсан тул уг тогтоолын дагуу сониныхон “э”-ээр бичжээ. Энэ хэр үндэслэлтэй болохыг манай урдаа барьдаг эрдэмтдийн нэг Чоймаа багшаас асуухад “Бид их хааныхаа амьд сэрүүн байх үед үйлдэгдсэн эх сурвалжийг барих нь зөв биз дээ. 5 метр өндөртэй хааны бичээс бүхий хад одоо Санкт Петрбург хотын Эрмитажид хадгалагдаж байгаа. Түүн дээр тодоос тодоор "Чингис хаан" гээд биччихсэн байгаа юм. Манай хэл чинь авиан бичигтэй “э”, “и” хоёрын ялгаа тодоос тод харагдана шүү дээ. Бид энэ эх сурвалжаа л барих ёстой” гэлээ.
Тэгэхээр бид "Чингис хаан" гэж бичих ёстой болж байна.
Та юу гэж бодож байна?

Tuesday, March 25, 2008

Машины ослын цаана

14 жилийн өмнө машин барих эрхтэй болсон ч өнөөдөр би өөрийгөө жолооч болчихсон гэж боддоггүй. Жолооны эрх авсан бүхэн замын хөдөлгөөнд оролцох эрхтэй хэдий ч оролцож байгаа хүн бүр хариуцлагатай байх ёстой мэт.

Өглөө охиноо сургуульд нь хүргэх замд Ланд круизер маркийн машинд мөргүүлээ. Хувь хүнийхээ хувьд би өөрийгөө алдаа гаргаагүй гэж үзсэн ч маргааныг таслахаар ирсэн цагдаа нар хэний бурууг ч шууд хэлчихэж чадахгүй юм. Мэдээж хэн буруутай нь чухал ч хэн буруутай байсныг шууд хэлчих чадвар бидний хувьд бүр илүү чухал юм.

“Би таныг ч, бас таныг ч буруутай гэж л хэлэх гээд байна” гэсэн замын цагдаагийн үг бидний нийтээрээ нэг л мохоо, үгээ шуудхан хэлчих чадваргүй болчихсоныг батлаад байгаа мэт. Үнэн үг хатуу ч хэтэд тустай байдаг шүү дээ. Дор нь хурдан шийдчихсэн бол хэн хэнийхээ цагийг хэмнэхээс гадна замын бөглөрөл үүсэхгүй байх байсан байх аа.

Sunday, March 23, 2008

Багануурын эмнэлгийн дарга нартай хамт өнгөрүүлсэн хоёр өдөр




Байгууллагын удирдлагуудад хийдэг сургалтынхаа хүрээнд бүтэн жилийн өмнө захиалга өгсөн Багануур дүүргийн эмнэлгийн дарга нартай өнгөрөгч амралтын өдрүүдэд хамтран ажиллалаа.

Уг эмнэлэг байгуулагдаад 30 жил болж байгаа юм байна. Энэ онд ойгоо тэмдэглэнэ гэнэ. Харин Улаанбаатар хотын аль ч дүүргийн эмнэлэгт байхгүй том, сайхан барилгатай юм байна.

Гэвч энэ барилгын зоорийн давхар буюу подваль, цахилгаан шатыг байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл 20 гаруй жил нэг ч удаа ашиглаагүй гэнэ. Эмнэлгийн байгууллагын хувьд гадна талд байдаг байгууламжууд \халдвар хамгааллын, тусгаарлах шаардлагатай обьектууд\-тай газар доогуур холбогдсон байхын ач холбогдлыг бүгд л мэддэг баймаар.

Гэвч энэ эмнэлгийн удирдлагууд ийм сайхан барилгын подвалийг, цахилгаан шатыг 20 жил болоход нэг ч удаа ашиглаагүй байгаа нь үнэхээр хүнээ хайралдаг уу үгүй гэдгийг бодмоор.

Асрагч, сувилагч бүсгүйчүүд үйлчлүүлэгчиддээ хоол зөөхөөр өдөрт 2-3 удаа өвөл хүртэл 200-300 метр газар гадуур явж гал тогооноос хоол авчирна гэсэн үг. Мөн энд угаалгын, ариутгалын, тусгаарлах хэсэг, задлан шинжлэх хэсэг гээд үйл ажиллагааны салшгүй хэсэг болсон газрууд байрладаг. Өвөл хүйтэнд гүйгээд гарсан ажилтнууд халуун хоолоо барьсаар халтирч унавал... Тэр бүр дулаан хувцасаа сольж өмсөөд гарч ордог нь юу л бол. Солих бүрт халдвар хамгааллын асуудал юу болох бол бас???

Ах нь сургадаг
Дүү нь сонсдог

Ах нь сургаж дүү нь сонсохыг хүлээж суусаар бид зориг зүрхтэй, идэвхи зүтгэлтэй олон шинэ, залуу ажилтнуудаа мохоож байгаатай та санал нийлдэг үү? Сургаад байдаг ах нар нь өөрсдөө шаардлага хэр хангаж байгаа бол доо. Хоцрогдсон ах нар сургах нь ч юу бол. Харин ах нар сургах чадвартай байхын тулд өөрсдөө байнга сурч, шинэчлэгдэж байх хэрэгцээ тулгараад байна. Тийм ах нарыг дүү нар хэлүүлэтгүй сонсож л таараа. Эхэлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт байдаг нь бас л амьдралын үнэн бөлгөө.
Төрийн төлөө
Оготно боож үхэх

Төрийг маань монголчууд бус өөр хүмүүс барьж байсан үед энэ зүйр үг гарсан байхыг бид үгүйсгэхгүй. Төр барихад иргэн бүрийн оролцоо чухал байгаа цаг үед амьдарч байгаа бидэнд эрх барьж байгаа намд үйлчилсэн мэт зүйр үгсээр хойч үеэ хүмүүжүүлсээр. Энэ үгийн хор уршиг нь хүн бүрийн ажилдаа хандах хандлага дээр илэрч гараад байгааг удирдагчид олж харж л байгаа байх даа. Төрийн төлөө оготно боож үхнэ гэсэн сэтгэлгээгээр хойш суусаар идэвхигүй амьдрагчдыг, хүний хойно суугчдыг бид өөрсдөө төрүүлсээр байна. Төрийн төлөө оготно хүртэл боож үхдэг нийгэм л хөгжлийн өндөр түвшинд хүрдэг.