Wednesday, April 16, 2008

Улс төрийн сонгуульд . . .

Улс төрийн сонгууль гэдэг үйл явдал дөрвөн жил тутамд бид юуг илүүд үзэж байгаа, өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг харуулах нэгэн шалгуур болоод байна гэж хэлж болно.

Ардчилсан сонгууль болохоос өмнө сонгууль өгөх насанд хүрээд аав ээжтэйгээ юунд санал өгч байгаагаа ч сайн ухааралгүй сонгуульд анх санал өгч байсан үетэй харьцуулахад өнөөдөр бүх зүйл өөр болжээ. Бүр найз нөхөд маань ч сонгогдохоор өрсөлдөж байна.

Бидэнд өөрийгөө чөлөөтэй илэрхийлчихдэг эмэгтэйчүүд хэрэгтэй байна. Манай намаас нэр дэвшээч гэсэн саналыг хэд хэд сонсоод татгалзсан хариу өгч байсан. Глобал СЕО телевизийн уралдаант нэвтрүүлэг хийгээд телевизээр гарч эхлэхэд санал тавьж байсан хүмүүсээс чи сонгуулийнхаа сурталчилгааг их өөр аргаар хийж байх шив гэхийг ч сонсож байсан. Бүр айхдаа миний дүрсийг эфирт битгий их гарга гэж найруулагчаасаа хүртэл гуйгаад авсан шүү. Сонгуульд өрсөлдөх санаагүй байгаа гэхээр үнэмшихгүй ил бус сурталчилгаа хийж байна хэмээн хардаж байсан нь ч бий.

Өчигдөр найз нартайгаа уулзлаа. Гэр бүлээрээ нөхөрлөдөг найз маань сонгуульд дэвшиж байгаа юм. Нөхрийн маань арван жилийн ангийн анд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ангийнхан нь өөр өөрийн чадах чинээгээр туслахаар санал санаачлага гаргаж энийгээ ч ингээд хийчихье, тэрийгээ ч тэгээд хийчихье. Би энийг нь хариуцъя, чи тэрийг нь хариуц гэж байгааг сонсоход үнэхээр бахархмаар.

Нэр дэвшиж байгаа залуугийн ярианаас сонгогчдын боловсролын түвшин хичнээн өндөр болсон тухай сонсож суулаа. Өмнөх сонгуулиудад аар саархан зүйлээр аргалчихаж болдог байсан бол өнөөдөр бид аливааг суурьтай буурьтай хийх хэрэгтэй болсон хэмээн ярьж байлаа. Үнэхээр ийм бодолтой хүмүүс төр барилцдаг бол нөгөө талаасаа өөрийнхөө амьдралыг төвхнүүлчсэн иймэрхүү залуус төр барилцвал юутай сайхан.

Таван мянганы тэртээгээс уламжлан ирсэн:

Биеэ зассан нь гэрээ засдаг

Гэрээ зассан нь төр барилцдаг

Харин төр барихаас өмнө сэтгэлээ ариусга гэсэн алдарт Кон Фу Ци-ийн сургаалийг бид Чингис хааны сургааль хэмээн өөрчилж

Биеэ засаад гэрээ зас

Гэрээ засаад төрөө зас хэмээн бүдүүнээр ойлгодогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ.

No comments: